Хэн онлайн
2010-03-20 өдрөөс хойш
Холбооны дүрэм
МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБООНЫ ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Оноосон нэр: Холбооны албан ёсны нэр Монгол хэл дээр, “МОНГОЛЫН БАНК БУС САНХҮҮГИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХОЛБОО”, товчилбол “МББСБХ”, Англи хэл дээр “MONGOLIAN NON-BANKING FINANCIAL INSTITUTIONS ASSOCIATION”, товчилбол “MNBFIA” болно.
1.2. Монголын банк бус санхүүгийн байгууллагуудын холбоо (цаашид “Холбоо” гэх) нь Монгол улсын нутаг дэвсгэр дээр эрх бүхий байгууллагуудын зөвшөөрлийн үндсэн дээр Банк, Санхүүгийн тодорхой үйл ажиллагаа эрхэлж буй Банк Бус Санхүүгийн байгууллагуудыг сайн дураар нэгтгэсэн, Төрөөс хараат бус, Бие даасан, Ашгийн төлөө бус, гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага мөн.
1.3. Холбоо нь Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулна.
1.4. Холбооны албан ёсны хаяг: Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 1-р хороо, Варьете бизнес төвийн 1-р давхарт
Утас: 369439 Факс: 369439 Веб сайт: www.bbsb.mn
1.5. Холбооны дүрмийг анхлан баталсан 2002 оны 11-р сарын 08-ны өдөр нь Холбоог үүсгэн байгуулсан өдөр байх бөгөөд зохих журмын дагуу улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ.
1.6. Холбоо нь өөрийн нэр бүхий тамга, тэмдэг, билэгдэл, албан бичгийн хэвлэмэл хуудас хэрэглэнэ.
Хоёр. Холбооны зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
2.1 МББСБХ-ны үндсэн зорилго нь:
а. Холбооны гишүүдийн хууль ёсны эрх, нийтлэг ашиг сонирхолыг төрийн захиргааны болон хууль хяналтын байгууллагын өмнө төлөөлөн хамгаалах болон энэ чиглэлэээр хамтран ажиллах;
б. Өөрийн гишүүдэд үйлчлэх, тухайлбал, Олон улсын болон өөрийн орны банк, Санхүүгийн салбарын холбогдолтой төрөл бүрийн мэдээллээр хангах, мэдээллийн зохих санг буй болгох, гишүүн байгууллагын үйл ажиллагаа, нийгэмд оруулж буй хувь нэмрийг сурталчилах, олон нийтэд таниулах, тэдгээрийн ажилтнуудыг сургалт, семинар, давтан сургалтанд хамруулах, мэргэжил дээшлүүлэх, эрх зүйн туслалцаа үзүүлэх, Банк бус санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны стандартуудыг тогтоож хөгжүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах;
в. Олон улсын болон гадаад, дотоодын банк, санхүүгийн байгууллага, холбоодтой харилцаа холбоо тогтоох, хамтран ажиллахад оршино.
2.2 Холбоо нь өөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн тулд дараах үйл ажиллагааг үндсэн чиглэлээ болгон явуулна.
а. Банк, Санхүү, Банк бус санхүүгийн салбарыг хөгжүүлэх, төрийн бодлогыг хэрэгжүүлэх;
б. Банк бус санхүүгийн зуучлалын салбарын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, төрийн эрх бүхий байгууллагаас холбогдох эрх зүйн акт батлан гаргах явцад салбарын эрх ашгийг төлөөлж оролцох, санал, дүгнэлт, мэдэгдэл гаргах, төсөл боловсруулах, хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах;
в. Холбооны үйл ажиллагааг Санхүүгийн Зохицуулах Хороо, Банк, Санхүүгийн бусад байгууллага, Холбоо, ижил төрлийн гадаад, дотоодын болон Олон улсын байгууллага, холбоодтой уялдуулан зохицуулах, харилцан ойлголцох, итгэлцэл, түншлэлийг бий болгох, хамтын ажиллагааг хөгжүүлэх;
г. Банк бус санхүүгийн зуучлалын салбарын үйл ажиллагаанд болон энэхүү салбарын ажилтанд хамаарах төрөл бүрийн стандартуудыг тогтоож нэвтрүүлэх, хэвшүүлэх, цаашид боловсронгуй болгох;
д. Банк болон Банк бус санхүүгийн байгууллагын тогтолцоо, удирдлага, үйл ажиллагаа, санхүүгийн зах зээлийн хөгжлийн түвшин, чиг хандлага, санхүүгийн эрсдэл, бусад орны туршлага, үйлчилгээний шинэ хэлбэр, загварын талаар судалгаа явуулах, үнэлэлт дүгнэлт өгөх, өөрийн болон гишүүн байгууллагын үйл ажиллагаанд нэвтрүүлэх, ашиглах;
е. Холбооны гишүүдийг дэмжихэд болон холбооны үйл ажиллагаа, үр нөлөө, санхүүг бэхжүүлэхэд чиглэсэн бусад арга хэмжээг зохион байгуулах;
Гурав. Холбооны бүтэц, удирлага, зохион байгуулалт, хяналтын тогтолцоо
3.1 Холбоо нь Бүх гишүүдийн хурал, Удирдах зөвлөл, Хяналтын зөвлөл, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, ажлын алба гэсэн үндсэн бүтэцтэй байна.
3.2 Холбооны Бүх гишүүдийн хурал:
3.2.1. Холбооны эрх барих дээд байгууллага нь Холбооны Бүх гишүүдийн хурал байх бөгөөд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ;
а. Холбооны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах;
б. Холбооны бүтэц зохион байгуулалтыг батлах;
в. Холбооны удирдах зөвлөл, хяналтын зөвлөлийн гишүүнийг сонгох, чөлөөлөх;
г. Холбооны үйл ажиллагаа болон Удирдах Зөвлөл, Хяналтын Зөвлөлийн ажлын тайланг сонсох, хэлэлцэх, дүгнэлт өгөх;
д. Холбооны жилийн төсвийг батлах;
е. Гишүүний татварын хэмжээг тогтоох;
ж. Холбоог өөрчлөн байгуулах, татан буулгах;
з. Хуульд заасан бусад эрх;
3.2.2. Бүх гишүүдийн хурлыг холбооны Удирдах Зөвлөл жилд нэгээс доошгүй удаа зарлан хуралдуулна. Бүх гишүүдийн ээлжит бус хурлыг гишүүдийн 2/3-ын саналын дагуу зарлан хуралдуулж болно.
3.2.3. Бүх гишүүдийн хурлыг Ерөнхийлөгч даргалж хуралдуулах бөгөөд гишүүн бүр хуралд саналын нэг эрхтэй оролцоно.
3.2.4. Холбооны Бүх гишүүдийн ердийн олонхи /50+1 хувь/ хүрэлцэн ирснээр хурал хүчинтэйд тооцогдох бөгөөд хуралд оролцсон нийт гишүүдийн ердийн олонхийн саналаар шийдвэр (тогтоол) гаргах ба хурлын явцад тэмдэглэл хөтөлнө.
3.2.5. Хурлын зарыг хуанлийн 14 хоногийн өмнө урьдчилан гишүүдэд хүргэх бөгөөд хурлын ирц бүрдээгүй тохиолдолд дахин зарлаж хуралдуулах ба гишүүдийн 30-аас доошгүй хувь оролцсон бол дахин зарласан хурлыг хүчин төгөлдөрт тооцно.
3.3 Холбооны удирдах зөвлөл:
3.3.1. Бүх гишүүдийн хурлын чөлөөт цагт Удирдах зөвлөл нь Холбооны эрх барих дээд байгууллагын үүргийг гүйцэтгэнэ.
3.3.2. Удирдах Зөвлөлийн гишүүн нь Холбооны гишүүн ББСБ-г төлөөлөх бүрэн эрх бүхий удирдах албан тушаалтан байх бөгөөд уг албан тушаалтан нь банк, санхүүгийн салбарт 2-с доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай, ямар нэгэн ял шийтгэл хүлээж байгаагүй, хугацаа хэтэрсэн өр зээлгүй байна.
3.3.3. Удирдах зөвлөл нь 9 гишүүнтэй байх бөгөөд Гүйцэтгэх захирал нь уг зөвлөлийн гишүүн байж болно.
3.3.4. Удирдах зөвлөлийн гишүүд нь 2 жилийн хугацаатай сонгогдох бөгөөд Удирдах зөвлөл нь Удирдах Зөвлөлийн дарга буюу Холбооны Ерөнхийлөгчийг ердийн олонхийн саналаар 2 жилийн хугацаатай сонгоно. Ерөнхийлөгчийг 1 удаа улируулан сонгож болно.
3.3.5. Удирдах зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а. Холбооны үйл ажиллагааны ерөнхий стратеги төлөвлөгөөг хэлэлцэж батлах;
б. Холбооны Ерөнхийлөгчийг сонгох, чөлөөлөх;
в. Холбооны Гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх, тайланг хэлэлцэх;
г. Холбооны өмч хөрөнгийг захиран зарцуулах талаарх Гүйцэтгэх захирлын эрх, хэмжээг тогтоох, түүнтэй байгуулах гэрээг хэлэлцэн батлах;
д. Холбооны харъяа байгууллагыг байгуулах, Гүйцэтгэх захирлын удирдлага дор ажиллах ажлын албаны бүтэц, зохион байгуулалт, түүний төсвийг батлах;
е. Холбооны гишүүдийг шинээр элсүүлэх, чөлөөлөх, гишүүдийн татвар төлөх журмыг тогтоох;
ж. Хуульд заасан бусад эрх;
3.3.6. Удирдах зөвлөлийн хурлыг улиралд нэгээс доошгүй удаа хуралдуулах бөгөөд зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар, эсвэл Ерөнхийлөгчийн саналаар ээлжит бус хурлыг хуралдуулж болно. Зөвлөлийн гишүүдийн ердийн олонхи хуралд оролцсоноор хурал хүчин төгөлдөрт тооцогдоно.
3.3.7. Удирдах зөвлөлийн гишүүд аливаа асуудлыг шийдвэрлэхэд тэгш эрхтэй оролцоно. Зөвлөлийн хурлаар хувь хүний асуудлыг нууцаар, бусад асуудлыг илээр санал хураах зарчмаар, хуралд оролцогч гишүүдийн олонхийн саналаар шийдвэрийг гаргана.
3.3.8. Удирдах зөвлөлийн хурлаас тогтоол гаргах бөгөөд түүнд даргалагч гарын үсэг зурж, Холбооны тэмдэг дарснаар баталгаажина. Зөвлөлийн хурлын тэмдэглэл хөтөлж, тухайн хуралдаанаар хэлэлцсэн асуудал, баталсан шийдвэр, нууц санал хураалтыг тоогоор, ил санал хураалтыг нэрээр гаргасан дүн, зарчмын өөр санал гаргасан гишүүний тайлбар зэргийг тусгана.
3.3.9 Удирдах Зөвлөлийн хурлыг Зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч удирдана. Түүний эзгүйд болон түүний чөлөөт цагт хурлыг Удирдах Зөвлөлийн гишүүдийн ердийн олонхийн санал авсан гишүүн удирдан явуулна.
3.4 Холбооны Ерөнхийлөгч:
3.4.1 Ерөнхийлөгч нь дараахь шалгуурыг хангасан Холбооны Удирдах зөвлөлийн гишүүн байна. Үүнд:
а. Банк, санхүүгийн салбарт 5-аас доошгүй жил удирдах албан тушаалд ажилласан туршлагатай, үндсэн бизнес нь ББСБ байдаг;
б. Хугацаа хэтэрсэн өр зээлгүй, ямар нэгэн ял шийтгэл эдэлж байгаагүй;
в. Зохион байгуулах, манлайлах чадвартай, ажлын идэвхи саначлага сайтай байх;
3.4.2 Холбооны Ерөнхийлөгч нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:
а. Холбооны Удирдах зөвлөлийн хурлыг даргалах;
б. Холбоог гадаад, дотоодод төлөөлөх;
в. Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн холбооны гүйцэтгэх захиралтай хөлсөөр ажиллах гэрээ байгуулж ажилуулах, дүгнэх;
г. Удирдах зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах, бэлтгэлийг хангуулах;
д. Хуульд заасан бусад эрх;
- 3.5 Гүйцэтгэх захирал:
- 3.5.1. Гүйцэтгэх захирлыг Удирдах зөвлөлийн хурлаас 2 жилийн хугацаагаар томилон ажиллуулж болох бөгөөд улируулан томилж болно.
- 3.5.2. Гүйцэтгэх захирал нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
- а. Холбооны ажлын албыг удирдах, Холбооны өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулах;
- б. Өөрийн эрх хэмжээний хүрээнд Холбоог гадаад дотоодод төлөөлөх, гэрээ хэлцэл байгуулах;
- в. Холбооны өмч хөрөнгийг Удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд захиран зарцуулах;
- г. Холбооны тайлан мэдээ, санхүүгийн бичиг баримт, бүртгэлийг цаг тухайд нь гаргах, үнэн зөвийг хариуцах;
- д. Улиралд нэг удаа Холбооны үйл ажиллагааны явцын талаар Удирдах Зөвлөлд илтгэн тайлагнах, шаардлагатай бол Зөвлөлийн хурлыг зарлан хуралдуулах;
- е. Холбооны үйл ажиллагааны тайланг хуульд заасны дагуу бэлтгэж, Удирдах Зөвлөлөөр батлуулан, Хууль зүйн яаманд өгөх;
- ж. Дүрэм болон гэрээнд заасан бусад эрх;
3.5.1. Гүйцэтгэх захирлын эдлэх эрх, хүлээх үүрэг, хариуцлагын хэмжээ хязгаар, хариуцлагаас чөлөөлөх үндэслэл, цалин хөлс, урамшуулал зэрэг асуудлыг гэрээгээр тусгайлан зохицуулна.
3.5.2. Гүйцэтгэх захирал нь өөрийн бүрэн эрхийн хугацаа дууссан нөхцөлд шинээр гүйцэтгэх захирлыг томилох хүртэл албан үүргээ үргэлжлүүлэн гүйцэтгэнэ.
3.5.3. Гүйцэтгэх захирал нь өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан тушаал гаргана.
3.6. Хяналтын зөвлөл:
3.6.1. Хяналтын зөвлөл нь 3 хүний бүрэлдэхүүнтэй байна. Хяналтын зөвлөл нь Холбооны гишүүдээс 3 жилийн хугацаатай сонгогдоно. Зөвлөлийн даргыг зөвлөлийн гишүүд өөрсдөө сонгоно.
3.6.2. Хяналтын зөвлөл нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
а. Холбооны дүрмийн хэрэгжилтэнд хяналт тавих;
б. Холбооны өмч хөрөнгийн ашиглалт, санхүүгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх;
в. Холбооны Удирдах зөвлөл, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирлын үйл ажиллагаанд зохих хяналт тавих;
г. Хүүль тогтоомжинд заасан бусад эрх;
3.6.3. Хяналтын зөвлөл нь өөрийн үйл ажиллагааны тайланг бүх гишүүдийн хуралд тайлагнах, ажлын явц, санал дүгнэлтээ Удирдах зөвлөлд оруулж хэлэлцүүлэх эрхтэй.
3.6.4. Хяналтын зөвлөлийн гишүүд нь шалгасан бичиг баримт, тайлан баланс, санхүүгийн нууцыг хадгалах үүрэгтэй.
3.6.5. Удирдах зөвлөлийн гишүүн, Удирдах зөвлөлийн дарга буюу Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал нь Хяналтын зөвлөлийн гишүүн байж болохгүй.
Дөрөв. Гишүүний эрх, үүрэг
4.1. Холбооны дүрмийг хүлээн зөвшөөрсөн дараахь этгээдүүд холбооны гишүүн байж болно.
а. Санхүүгийн Зохицуулах Хорооноос Банк, бус санхүүгийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан хуулийн этгээд;
б. Холбооны үйл ажиллагааг дэмжигч иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь хүндэт гишүүн байж болох бөгөөд хүндэт гишүүнээр элсүүлэх асуудлыг Удирдах Зөвлөлөөр хэлэлцэн шийдвэрлэнэ;
4.2. Холбооны гишүүн дараах эрхийг эдэлнэ.
а. Бүх гишүүдийн хуралд оролцох, түүний бүрэн эрхэд хамаарах асуудлаар санал оруулах;
б. Холбооны удирдлагад сонгох, сонгогдох;
в. Холбооны үйл ажиллагаа болон чиг үүрэгт хамаарах асуудлаар мэдээлэл, зөвлөгөө авах, тайлантай танилцах;
г. Хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч төрийн байгууллага болон бусад байгууллага, холбоодын өмнө өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхол, нэр хүндийг Холбоогоор хамгаалуулах;
д. Өөрийн хүсэлтээр холбооны гишүүнчлэлээс гарах;
е. Хуульд заасан бусад эрх;
4.3. Холбооны гишүүн дараах үүргийг хүлээнэ.
а. Монгол Улсын хууль тогтоомж, энэ дүрмийн заалтыг чанд баримтлан ажиллах;
б. Холбооны зорилго, чиг үүргийг хэрэгжүүлэх, үйл ажиллагаанд идэвхтэй оролцох, Холбооноос зохиож буй арга хэмжээ, хурал семинар, уулзалтанд оролцох;
в. Холбооны гишүүний татвар болон бусад төрлийн санхүүжилт үзүүлэхээр үүрэг хүлээсэн бол цаг тухайд нь биелүүлэх;
г. Холбооны удирдлагаас өгсөн хууль ёсны үүрэг даалгаврыг биелүүлэх;
Тав. Холбооны сан, нягтлан бодох бүртгэл
5.1. Холбооны хөрөнгөнд түүний үл хөдлөх болон хөдлөх хөрөнгө бусад эд хөрөнгө, өмчлөлд буй оюуны зүйлс хамаарна.
5.2. Холбооны орлогын эх үүсвэр нь:
а. Гишүүний татвар, хандив;
б. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагын хандив;
в. Дүрмийн зорилгоо хэрэгжүүлэхтэй холбоотой аж ахуйн үйл ажиллагаанаас олсон ашиг орлого;
г. Гэрээт төсөл хэрэгжүүлэхтэй холбогдуулж олгосон хөрөнгө;
5.3. Холбоо нь зохих хууль тогтоомжийн дагуу татвар, хураамж, шимтгэлийг төлнө.
5.4. Холбоо нь арилжааны аль нэгэн банкинд төгрөгийн болон валютын харилцах данстай байна.
5.5. Холбоо нь улирал, жилийн санхүүгийн тайлан тэнцлийг зохих журмын дагуу гаргаж, хуулийн хугацаанд татварын албанд тушаана.
Зургаа. Холбооны үйл ажиллагаанд хориглох зүйл.
6.1. Холбоонд дараах үйл ажиллагааг хориглоно:
а. Үйл ажиллагаанаас олсон ашгаас ноогдол ашиг хуваарилах;
б. Иргэн, хуулийн этгээдэд хөрөнгийн баталгаа гаргах, тэдгээрийн төлбөрийг хариуцах;
в. Удирдах зөвлөлийн гишүүд, Ерөнхийлөгч, Гүйцэтгэх захирал, ажлын албаны ажилтнууд нь Холбооны нэр ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгийг хувийн ашиг сонирхолд ашиглах, гэрээ хэлцэл байгуулахыг хориглоно.
Долоо. Холбоог татан буулгах.
7.1. Холбоог дараах үндэслэлээр татан буулгана:
а. Байгуулагдсан зорилгодоо хүрсэн учир цаашид үйл ажиллагаа явуулах шаардлагагүй гэж бүх гишүүдийн 2/3-с доошгүй нь үзэж татан буулгах санал гаргасан;
б. Албадан татан буулгах тухай шүүхийн шийдвэр гарч, хүчин төгөлдөр болсон;
в. Хуульд заасан бусад үндэслэлээр;
7.2. Холбоог татан буулгах тохиолдолд уг шийдвэрийг гаргасан байгууллага нь татан буулгах комиссыг томилно.
7.3. Татан буулгах комисс нь дараах үйл ажиллагааг явуулна.
а. татан буулгах тухай шийдвэрийг нийтэд мэдээлэх;
б. дуусгалтын баланс, тайлан гаргаж гишүүдийн хурлаар хэлэлцүүлэх;
в. өр төлбөрийг хуульд заасан дараалал, журмын дагуу барагдуулах;
г. Холбооны үлдсэн эд хөрөнгийг ижил төстэй зорилго бүхий төрийн бус байгууллагад шилжүүлэх, хэрэв тийм байгууллага байхгүй бол дүрмийн зорилгод нь нийцсэн үйл ажиллагаанд зарцуулах;
д. Татан буулгах үйл ажиллагаа дууссаныг улсын бүртгэх байгууллагад мэдэгдэж, улсын бүртгэлээс хасуулах.
Найм. Бусад
8.1. Холбоог холбогдох хууль тогтоомжинд заасан үндэслэл, нөхцөл, журмаар өөрчлөн байгуулж /нэгдэх, нийлэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/ болно.
8.2. Холбооны дүрэмд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг тухай бүрт нь хуульд заасан хугацааны дотор улсын бүртгэх байгууллагад мэдэгдэнэ.
8.3. Холбооны удирдлагын оршин байгаа газрыг өөрчлөх тохиолдолд энэ тухай улсын бүртгэлийн байгууллагад зохих хугацаанд мэдэгдэнэ.
8.4. Холбоо нь гишүүний хүлээсэн үүргийн төлөө хариуцлага хүлээхгүй, гишүүн нь Холбооны хүлээсэн үүрэгтэй холбогдсон хариуцлагыг хүлээхгүй.
8.5. Холбооны удирдлага болон гишүүдээс энэхүү дүрмийг зөрчин Холбооны үйл ажиллагаа, нэр хүндэд хохирол учруулсан нь нотлогдсон тохиолдолд холбогдох этгээдэд Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан хариуцлага тооцох хүсэлтийг шүүхэд тавина.
Бүх гишүүдийн 2007 оны 10 сарын 25-ны өдрийн хурлаар шинэчлэн батлав
| Хавсралт | Хэмжээ |
|---|---|
| rule.doc | 108 Килобайт |
