Финтекийн чиглэлээр туршлага судаллаа.
PDF
Хэвлэх
И-мэйл
Бичсэн Ariuntugs   
2017 оны 11-р сарын 23, Пүрэв гариг, 11:39

Монголын ББСБ-уудын Холбооны ерөнхийлөгч А.Алтансүх, Санхүүгийн зохицуулах хороон дарга С.Даваасүрэн тэргүүтэй, Хорооны зарим газар хэлтсийн дарга нарын болон Холбооны гишүүн ББСБ-уудын төлөөллүүд 2017.11.14-17-ны өдрүүдэд "Олон улсын Финтекийн форум"-д БНСУ-ын Сөүл хотноо амжилттай оролцлоо.

Сингапур, Япон, Герман, Их Британи, БНХАУ, Тайланд, Индонези, БНСУ, Вьетнам, Тайван зэрэг технологи хөгжсөн орнууд, Дэлхийн банк, Үнэт цаасны хороодын олон улсын байгууллага зэрэг өргөн бүрэлдэхүүнээр хуралдаж буй уг семинарыг нээж Монгол Улсын Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, зүй зохистой, дэвшилтэт шийдэлтэй, хяналт зохицуулалт бүхий финтекүүд хэрэглэгчид, бизнес эрхлэгчдэд үр өгөөж өгөх шинэ шинэ боломжуудыг санхүүгийн салбарт бий болгож, системийг илүү олон тулгуурт, үр дүнтэй болгон, үйлчилгээний цар хүрээг өргөжүүлэх, хүртээмжийг нэмэгдүүлэх хүчин зүйл болохыг онцлоод, Санхүүгийн зохицуулах хороо финтекийн хөгжлийг дэмжихийн зэрэгцээ зохицуулалтыг сайжруулж хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн цахим үйлчилгээний эрсдэлийг хаахад анхаарал хандуулан ажиллаж буйг дурдлаа.


Семинараар зохицуулагч болон олон улсын байгууллагууд одоогоор хүчин төгөлдөр байгаа эрх зүйн баримт бичгүүд, хамтын нийгэмлэгүүдийн гэрээ хэлцлүүд, конвенцуудын чадамж, нэмж зохицуулах шаардлагатай харилцаа, санхүүгийн хамтын тогтолцооны аюулгүй байдал зэрэг олон чухал асуудлыг хөндсөн юм. Эцсийн дүнд технологид суурилсан санхүүгийн үйлчилгээний зохицуулалтын чухал бүрэлдэхүүн хэсэг нь төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагаа, харилцан ойлголцол болохыг семинарт оролцогчид онцлон дүгнэв.

Энэхүү форумаар технологид суурилсан санхүүгийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг хөгжүүлэх, олон улсын туршлага судлах, Монгол улсад нэвтрүүлэх боломжийг эрэлхийлж, Төр төрийн бус байгууллагын хамтын ажиллагааг шинэ түвшинд гаргах чиглэлд харилцан тохиролцлоо.

 

Гишүүний хэсэг